Hicheel

surgalt

ОМХ 3б ангид зориулав

Бүтээвэр бол хэлний шаталсан тогтолцооны хамгийн бага үндсэн нэгж юм.

НЭРИЙН НӨХЦӨЛ БҮТЭЭВРИЙН НАЙРУУЛГА

Үг бүтээврээс бүтнэ. Бүтээвэр бүр найруулгын чухал үүрэгтэй. Монгол хэлэнд бүтээврийг онцгойлон авч үзсээр ирсэн уламжлалтай. Хэл шинжлэлийн нэг салбар ухаан болох бүтээвэр зүй нь үгэн дэх бүтээвэр, тэдгээрийн байр, бүтэц, утга үүргийг судалдаг бол бүтээврийн найруулга утга, хэл зүйн хэлбэржилтийг яриа бичигт зөв хэрэглэх боломжийг судалдаг.

Жинхэнэ нэрийн найруулга. Жинхэнэ нэр бүтээх дагаварыг зөв хэрэглэж, найруулгын утга,өнгө аясыг зохицуулах нь их учир холбогдолтой байдаг. Жинхэнэ нэрийн олон тоо, тийн ялгал, хамаатуулахын нөхцөлийг буруу залгах, эсвэл нэг нөхцөлийг нэг өгүүлбэрт олноор хэрэглэх зэрэг нь найруулгад харшилж, ойлгомжгүй, нуршаа болох талтай.

ОЛОН ТООНЫ БҮТЭЭВРИЙН НАЙРУУЛГА

Олон тооны бүтээврийг зохистой хэрэглэснээр найруулга тодорч, илүүц юмуу, буруу хэрэглэвэл найруулга мууддаг.

* Ямагт ганц тоотой байдаг нар, сар, дэлхий, сансар, үүрийн цолмон гэх мэт үгс ердийн хэлцэд олон тооны нөхцөл авахгүй.

* Аливаа оноосон нэр олон тооны нөхцөл авахгүй.

* Хүний эрхтэн болон хосоор хэрэглэдэг зүйл олон тооны нөхцөл авахгүй.

* Олны хэсгээс бүтэх боловч аж амьдралд тоо ширхэгээр хэрэглэдэггүй гурил, будаа, элсэн чихэр, давс, үс, ноос, хялгас, элсэн чихэр, хайрга, шороо гэх мэт үг олон тооны нөхцөл авахгүй.

* Байгаль орчинд орших хэлбэрээрээ тоотой хэрэглэдэггүй, бүхэл бөөнөөрөө хэрэглэгддэг голдуу байгалийн үзэгдлийг нэрлэсэн цас , мөс , ус , манан , будан , тоос , аянга , агаар , хий , салхи , шуурга гэх мэт олон тооны нөхцөл авахгүй.

* Нийгмийн хийсвэр ухагдахуун , сэтгэлийн байдлыг үзүүлсэн жаргал зовлон , нүгэл буян , сэтгэл зориг , зүүд , үнэ өртөг , уйтгар гуниг , жигшүүр сэрэмж зэрэг үг олон тооны нөхцөл авахгүй.

* Харьяалахын тийн ялгалын дараа харьяат эзний олныг заасан -хан, - хэн, - хон,- хөн дагавартай үгс олон тооны дагавар авахгүй. Жишээ нь: ангийнхан, хөдөөнийхөн, эднийхэн, хотынхон

* Өмнөө тооны нэртэй юм уу, тоо хэмжээ заасан нэр олон тоотой байсан ч олон тооны нөхцөл авахгүй. Жишээ нь: Манай коллеж 700 гаруй оюутантай. Сумын төвд олон хүн цугларчээ.

* Уг нэрс нь олон тоотой боловч тоочин нэрлэж байгаа үед олон тооны нөхцөл авахгүй. Жишээ нь: Ширээн дээр ном, дэвтэр, үзэг, харандаа байна.

* Монгол хэлний хоршоо үг олон тооны нөхцөлгүйгээр олны утгыг илтгэдэг.

Жишээ нь: Анги танхимаа цэвэрлээрэй. Хонь малаа хариул.

* Тэмдэг нэрийг давтан хэрэглэхэд олны санааг заадаг учир тэмдэг нэрийн арын нэр үг олон тооны нөхцөл авахгүй. Жишээ нь: Өндөр өндөр уул, зузаан зузаан ном, намхан намхан байшин, ...

* Жинхэнэ нэрийн ард бүгд, бүхэн, болгон, бүр гэх мэт нийтэд хамааруулах утгатай үг орвол тухайн нэр үг олон тооны нөхцөл авахгүй. Жишээ нь:Хүүхэд бүрийг эрүүл чийрэг өсгөе. Айл болгон хадлан авлаа.

* Зарим үйл үг үгсийн сангийн утгаараа олонд хамаатай байдаг учир захирагдаж байгаа нэр үг нь олон тооны нөхцөл авахгүй. Жишээ нь: адуу манах, малаа маллах,өсгөх,тахиа үржүүлэх, бичиг олшруулах, ном тараах, ус түгээх,будаа цацах гэх мэт.

* Олон тооны нөхцөл давхарлан ордоггүй. Жишээ нь: бид нар, охидууд...

ТИЙН ЯЛГАЛЫН НАЙРУУЛГА.

Нэр үгээр тэмдэглэгдэж байгаа бодит ертөнцийн ямар нэг юм үзэгдлийг бусад юм үзэгдэл, шинж чанар, үйл хөдлөл, байдалтай харьцах харьцааг заах буюу өгүүлбэрийн доторх нэр үгийг бусад гишүүнтэй холбох харьцааг тогтоох нэр үгийн хэлзүйн айг тмийн ялгал гэнэ.

1.

Нэрлэх / 0/

Үйлийн эзэн, үйлдэгчийг заана.

Ах ирлээ, Нохой хуцав.

2.

Харьяалах

/ -ын, -ийн,

-ы,- ий, -н

Монгол ураг төрлийн холбоог зааж, овог нэрийг ялгана.

Дашийн Даваа, Батын Баатар

Уул юм хэний юуны эзэмшилд буй утгыг заана.

Багшийн ном, Миний дээл

Тоо ширхэг, хэмжээ заана.

Зуутын дэвсгэр, сарын газар

Орших байр, орон зайны утга илтгэнэ.

Хээрийн галуу, говийн хүн

Цаг хугацааны утга заана.

Үдийн цай, өвлийн үдэш

Чанар, шинж заана.

Гарын цай, ардын зураач

Бүхэл юмны хэсэг заана

Номын хуудас, морины дэл

3.

Заах

/ ыг, -ийг, -г/

Тусгайлан ялган заах утга

Би Батын хаалгыг хаалаа,

Үл ялган заах утга

Би хаалга хаалаа.

4.

Өгөх орших

/-д,-т,-аа( 4)

Үйл байдлын орших оронг заана.

Энэ голд загас элбэг.

Нэг зүйл нөгөөд харьяалагдах, багтах утга

Жигүүртэнд бүргэд, тас,.... багтана.

Үйл байдлын болох цагийг заасан утга илтгэнэ.

3 цагт хурал болно.

Үйл тусах юмыг зориулсан этгээдийг заана.

Ахад арав, дүүд таван ном бий.

Үйл байдал туссан зүйлийг үзүүлнэ.

Дүү биеэ наранд шарлаа.

Үйлийн чиглэн зорьсон замыг заана.

Аав жинд явлаа.

Чухам үйлийн эзнийг заана.

Дээл минь бороонд нэвтэрчихлээ.

5.

Гарах

/-аас, -ээс,

-оос,- өөс/

Үйл байдал үүсэх газрыг заана.

Үйл байдал эхлэх цагийг заана.

Өмнөөс салхи салхилав.

Би маргаашнаас очно.

Гарах холдох санаа заана.

Миний дүү цэцэрлэгээс ирнэ.

Хүн юмын нэгэн хэсэг заримыг заана.

Хажуунаас нь чангаав. Гараас нь барив.

Шалтгаан заана.

Тамхинаас боллоо.

Нохойноос айлаа.

Нэг байдлаас нөгөөд шилжих санааг заана.

Нойрноос сэрэв.

6.

Үйлдэх

/ -аар, -ээр,

-оор,-өөр /

Үйлийн багаж зэвсгийг заана.

Хөрөөгөөр мод хөрөөдөв.

Үйлэнд өртөж буй эд юм

Торгоор дээл хийв.

Үйлийг гардан гүйцэтгэгч

Багшаар хичээл заалгав.

Үйлийн цаг хугацааг заана.

Аав аравдаар явна.

Үйлийн оронг заана.

Гүүрээр гарав.

Үйлийн зорилго заана.

Өр нэхэхээр ирлээ.

7.

Хамтрах

/-тай,-тэй,-той/

Хүн хүний хамт байх, үйл үйлдэх

Даш Бавуутай хамт сурдаг.

Хүн ба юм хамтрахын утга

Ах малгайтайгаа сууж байна.

8.

Чиглэх

/-руу,-рүү,

-- аад, /

Үйл хөдлөлийн чиглэлийг тодорхойлох утга

Дүү цэцэрлэг үрүүгээ явлаа.

Үйл хөдлөлийн орныг илтгэсэн утга

Ууц уруу хөшөөд байна

ГАРАХЫН ТИЙН ЯЛГАЛЫН НАЙРУУЛГЫН ҮҮРЭГ

Монгол хэлний гарахын тийн ялгалын нөхцөл ихэнх тохиолдолд жинхэнэ нэрийг үйл үгтэй/ уулнаас буух, уснаас уух/, заримдаа жинхэнэ нэрийг тэмдэг нэртэй, дагавар үгтэй, тэмдэг нэрийг тэмдэг нэртэй / цаснаас цагаан, яснаас хатуу, үүлтэй тэнгэрээс доогуур, хурднаас хурдан/ холбон нөхцөлдүүлсэн байдаг.

o Гарахын тийн ялгалын нөхцөл нь өгүүлбэрийн хооронд хамгийн олон утга илтгэдэг, өгүүлбэр зүйн хамаарал ихтэй тийн ялгал юм. Эрдэмтэн судлаачдын бүтээл болон судалгаанд тулгуурлан гарахын тийн ялгалын нөхцөл дараах утга илтгэнэ гэж үзэж байна. / Ш.Лувсанвандан, Б.Дэмчигдорж Монгол хэлний зүйн сурах бичиг, Ш.Барайшир Монгол хэлний гарахын тийн ялгалын тухай асуудалд

o Гарахын тийн ялгалд байгаа жинхэнэ нэр, үйл явдлын үүсэх эхлэх орон байрыг заана. Жишээ нь: Хөвөнтэй хүрэмнийхээ халааснаас цаасанд боосон тамхи гаргаж.../Говийн өндөр/, Удалгүй нэг бөглүү газарт хоёр гурван гэрийн хаяанд хүрэхийн хамт мөн гэрээс Сүнжидмаа гарч, нохой хорих бөгөөд .../Шувуун саарал

o Гарахын тийн ялгалд байгаа жинхэнэ нэр үйл явдлын эзэн субъектыг заана. Жишээ нь: Нийгмээс хүнийг анхааран халамжилж..., Үйлдвэрчний хорооны даргаас үг хэлнэ. гэх мэт.

o Гарахын тийн ялгалд байгаа жинхэнэ нэр үйл явдал эхлэх цагийг заана. Жишээ нь: 3 сарын 15 ны 17 цагаас дадлагын дүнгийн хуралтай. Шинэ бүтээл туурвихын тулд эртнээс эхлэх хэрэгтэй.

o Гарахын тийн ялгалд байгаа жинхэнэ нэр хүн юмны бүхлийн хэсгийг заана. Жишээ нь: энэ хоолноос идэж цайнаас ууж ав. Ахын гэрээс барилцаад удчихлаа. гэх мэт.

o Гарахын тийн ялгалд байгаа жинхэнэ нэр тэмдэг нэрийн өмнө орвол тухайн шинж чанарыг харьцуулсан утга заана. Жишээ нь: Уулнаас өндөр улиас байдаггүй. Учирснаас илүү амраг байдаггүй. / Ардын дуу/ гэх мэт.

o Гарахын тийн ялгалд байгаа жинхэнэ нэр үйл явдлын чигийг заана. Жишээ нь: Хойноос үлээх салхийг сэрүүн гэлцээд байна. Хотоос ирсэн залууг дажгүй гэлцээд байна. гэх мэт.

o Гарахын тийн ялгалд байгаа жинхэнэ нэр юмс үзэгдлийн эх үүсвэр, уг гарлыг заана. Жишээ нь: Хар хониноос гарсан бор хурга. Уулнаас буусан үерийн ус ширүүн байдаг. гэх мэт.

o Гарахын тийн ялгалд байгаа жинхэнэ нэр юмс үзэгдлийн бүтэц, бүрэлдэхүүнийг заана. Жишээ нь: Орчлон хэмээгч арга билгээс бүрджээ. Хөх судар

o Гарахын тийн ялгалд байгаа жинхэнэ нэр нэг юм нөгөөгөөс салж холдох утга заана. Жишээ нь:Тэргээ уснаас гарган авч, ирсэн замаараа гэлдрүүллээ. Говийн өндөр, Түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсорлоос гээгдэнэ. Хуучин хүү , Хар дарсан муухай зүүднээс сэрэв. гэх мэт

o Гарахын тийн ялгалд байгаа жинхэнэ нэр дараах үйлийнхээ бүтэх нөхцөл, өртөх юмыг заана. Жишээ нь: Мэдэхгүй зүйлээ багшаа асуу./ багш байвал асуух үйл бүтнэ/, Модноос өлгөжээ. Ханын толгойноос уяжээ./ үйлийн бүтэх байрыг заасан ийм утгатай нөхцөлд өгөх оршихын тийн ялгалын нөхцөлөөр солин найруулж болно. Модонд өлгөжээ. Ханын толгойд уяжээ. гэх мэт.

o Гарахын тийн ялгалд байгаа жинхэнэ нэр аливаа юмс үзэгдлээс нэгийг онцлон ялгах утга үзүүлнэ. Жишээ нь: Сархад савнаасаа бусдыг дийлдэг. Мянган хонины дундаас би хармагц таньдаг. гэх мэт.

o Гарахын тийн ялгалд байгаа жинхэнэ нэр үйл явдлын болох учир шалтгааныг заана. Жишээ нь: Нохойноос айлаа. Инээснээс алдчихлаа. гэх мэт.

o Гарахын тийн ялгалд байгаа жинхэнэ нэр биш гэсэн үгүйсгэх үгтэй холбоонд орж, тухайн үйл явдалд өгүүлэгчийн сэтгэл дундуур байгааг илтгэнэ. Жишээ нь: Ийм л учиртай юм бол хийхээс биш дээ. Нэг айлын голомт түшиж суух нь бүсгүй хүний хувь заяа хойно, яавуулахаас биш. гэх мэт.

o Гарахын тийн ялгалд байгаа жинхэнэ нэр нэг юм үзэгдлийг нөгөөгөөр солих арилжих утга заана. Жишээ нь: Тайлаг, тайлаг тэмээнээс таван атга шорооноос. Чөмөгнөөс хутгаа, нойрноос морио. Нөгөө үнэлж авсан гансаа хоёр морь, нэг шүдлэн үхрээс өгчээ. гэх мэт.

o Гарахын тийн ялгалд байгаа үйлт нэр гадна гэсэн дагавар үгийн өмнө орвол лавшруулсан утга илтгэнэ. Жишээ нь: Сургууль бол хүнийг сургахаас гадна хүмүүжүүлнэ. гэх мэт.

o Гарахын тийн ялгалд байгаа үйлт нэр нааш, цааш гэсэн дагавар үгийн өмнө орвол юм үзэгдлийн эцсийн хэмжээ хязгаар, туйлыг заасан утгатай байна. Жишээ нь: Үнэнхүү хайрын сэтгэл үхэхээс нааш эцэслэхгүй. Үүнээс хойш, түүнээс цааш больж үзье. гэх мэт.

o Гарахын тийн ялгалд байгаа үг ямар нэг юм үзэгдлийн шинжийг төлөөлсөн утга илэрхийлнэ. Жишээ нь: Тостойгоос тогоо хар.

Бэлгэтэйгээс бэх хар.

Амттайгаас архи хар. гэх мэт.

o Гарахын тийн ялгалд байгаа үгийг дахиж давтахад ахиж дэвших утга заана. Жишээ нь: Нийслэл хот маань өдрөөс өдөрт өргөжин хөгжиж байна. Яруу алдарт эх орноо ялалтаас ялалтанд бэхжүүлье. гэх мэт.

ХАРЬЯАЛАХЫН ТИЙН ЯЛГАЛЫН НӨХЦӨЛИЙН УТГА, ҮҮРЭГ, ХУВИЛБАР

Монгол хэлний харьяалахын тийн ялгал нөхцөл ба үүргээрээ маш олон янз байдаг. Энэ нь өгүүлбэрийн доторхи үгийг холбох үүргээрээ 4 янз байна.

Олонхи тохиолдолд жинхэнэ нэрийг жинхэнэ нэртэй холбон нөхцөлдүүлнэ. Жишээ нь: эхийн сэтгэл. Зуны шөнө., ердийн хөсгийн цуваа, хөдөлгөөний аюулгүй байдал гэх мэт.

Жинхэнэ нэрийг дагавар үгтэй холбоно. Жишээ нь: Үүлтэй тэнгэрийн доогуур, үзүүртэй модны дээгүүр дүүлэн ниснэ. гэх мэт.

Жинхэнэ нэрийг тэмдэг нэртэй холбоно. Жишээ нь: Усны тунгалаг Тамирын гол. Уулын чанадаас чамайгаа санана. гэх мэт.

Хааяа тэмдэг нэрийг жинхэнэ нэртэй холбоно. Жишээ нь:

Нүүргүй загнагч шударгын шинж

Нягтлан бодогч саруулын шинж

Нуулгүй хэлэлцэгч янагийн шинж

Нийцэн явагч нөхөрлөхийн шинж Д.Равжаа Молор эрдэнэ

Харьяалахын тийн ялгалд дор дурдсан утга байна.

o Харьяалахын тийн ялгалын нөхцөл нь дараах нэрийнхээ чухам хэний юуны мэдэл харьяаны болохыг заана. Жишээ нь: Гомбын морь хурдан давхив. гэх мэт.Харьяалахын тийн ялгалын нөхцөл нь дараах нэрдээ хамааралтай болохыг заана. Жишээ нь: Уулын шил, туулайн жимээр утаа савсуулж, гал маналзуулж явлаа.

o Харьяалахын тийн ялгалын нөхцөл нь дараах нэрийнхээ бүхлийг заасан утгатай байна. Өөрөөр хэлбэл бүхэл хэсгийн харьцааг заана. Жишээ нь: дээлийн хормой, үзэгний хошуу, номын хуудас гэх мэт.

o Харьяалахын тийн ялгалтай жинхэнэ нэр нь дараах нэрийнхээ зориулалтыг заана.

Жишээ нь: борооны цув, усны гутал, нарны малгай, тэмдэглэлийн дэвтэр, ...

o Харьяалахын тийн ялгалтай жинхэнэ нэрийн ард тоо заасан үг холбон найруулахад зааглаж ялгах утга заана. Жишээ нь: эмэгтэйчүүдийн олонхи, төлөөлөгчдийн зарим нь ... гэх мэт.

o Харьяалахын тийн ялгалаар хэлбэржсэн нэрийн даааа сарьцаа заах дагааар үг орвол дишив адилтгасам утга илтбэнэ. Жишээ нь: аягын чинээ алаг н»дэх шанагын чинээ болгоод..., туулайн чинээ морьтой, нохойн чинээ биетэй гэх мнт.

o Харьяалахын тийн ялгалаар хэлбэржсэн нэрийн дараа орон байна. зүг чиг заасан дагавар орно байр зүг чигийн утга заана. Жишээ нь: Уулын наана, Туулын цаана, үүлтэй тэнгэрийн доогутр, үзүүртэй модны дээгүүр ..... гэх мэт.

o Голдуу хугацаа заасан утгатай жинхэнэ нэрийн ард цаг хугацаа заасан дагавар цаг хугацааны хэмжэ заах утга илтгэнэ. Жишээ нь: Таван цагийн дараа ирж уулзсан гэнэ. Хугацааны өмнө дуусгах хэрэгтэй байна. гэх мэт.

o Голдуу хугацаа заасан утгатай жинхэнэ нэр харьяалахын тийн ялгалаар хэлбэржихэд дараах нэрийхээ хэр хэмжээг заасан утга илтгэнэ. Жишээ нь: Сумын төв орно гэдэг над шиг хүнд хоногийн газар гэсэн үг дээ. Үүнийг хийвэл лав сарын ажил болно. гэх мэт

o Харьяалахын тийн ялгалтай жинхэнэ нэрийн ард газар гэсэн үг орвол холын хэмжээ заасан утга  илтгэнэ. Жишээ нь: зургийн газар, жилийг газар, барааны газар, дууны газар, аргамжааны газар, саахалтын газар, үүд хоймрын газар...гэх мэт.

ҮЙЛИЙН НӨХЦӨЛ БҮТЭЭВРИЙН НАЙРУУЛГА

Монгол хэл үйл үгээр баялаг бөгөөд үйл үгс нь өгүүлбэрийн доторх үгийг холбон нөрцөлдүүлдэг онцгой үүрэгтэй үгийн аймаг юм. Жишээ нь: “харав” гэсэн үйл үг хэн?, хаанаас?, юуг?, юугаар?, яаж? гэсэн асуултад хариулагдах үг, холбоог захирч байна. Үйл үг хэлзүйн үүрэг, утгын хэрэгцээгээрээ өгүүлбэр болон найруулгад чухал үүрэг гүйцэтгэдэг. Үйл үгийн найруулгын гол цөм нь түүний холбох, төгсгөх нөхцөл ба хэв, байдлын нөхцөл бүтээврүүд юм.Эдгээрийг зохих байранд нь утга учиртай, оновчтой хэрэглэх шаардлагатай. Эс тэгвээс утгын ба учирзүйн алдаа гарахад хүрнэ.

Үйл үгийн биеэр төгсгөх нөхцөл бүтээврүүд нь зохиогч, өгүүлэгчийн тухайн үйл явдал, юм үзэгдэлд хандах сэтгэлийн аясыг илэрхийлэх найруулгын чухал үүрэгтэй нөхцөл юм. Тэдгээрийн нэг хэсэг нь уран зохиол, ярианы найруулгад зонхилон орох боловч нөгөө хэсэг нь албан бичгийн найруулгад орж болно. Жишээлбэл:

-За, бэлтгээрэй гэж жолооч нь хэлээд машинаа эргүүлж, чимээнээс цочин сэрэмжилсэн шаргачны зүг хурдлан давхилаа. / уран зохиолын найруулгад/

Өнгөрсөн цагаар төгсгөх нөхцөлүүдийг найруулгад ялгамжтай хэрэглэдэг. Жишээ нь:

- мэдэгдэж өнгөрсөн үйлд – в

- саяхан мэдэгдэж өнгөрсөн үйлд – лаа,лээ, лоо, лөө

- мэдэгдээгүй өнгөрсөн үйлд – жээ, чээ нөхцөл тус тус хэрэглэх юм.

Үйл үгийн үндсийн дараа орж тухан үйл үгээ дараагийн нэр үгтэй холбох үндсэн үүрэгтэй нөхцөлийг тодотгон холбох нөхцөл гэнэ. Эдгээр нөхцөлүүд нь өнгөрсөн, одоо, ирээдүй цагийг ялган заадаг.

-Тодотгон холбох нөхцөлүүд нь цаг заадаг учраас ихэнх нь төгс үйд өгүүлэхүүн болдог. Жишээ нь: Би өчигдөр ахтайгаа уулзсан. Миний дүү гэртээ ирж яваа.Бат найзтайгаа үргэлж уулздаг гэх мэт.

- Тодотгон холбох нөхцөлтэй үйл үг жинхэнэ нэрийн үүрэг гүйцэтгэвэл нэрийн тоо, тийн ялгал, хамаатуулах нөхцөлөөр хувилна. Жишээ нь: Миний ирсэн унаагаар ирээрэй. Миний ирснээр ирээрэй. Би хуралд оролцсон хүмүүстэй уулзсан. Би хуралд оролцогсодтой уулзсан. гэсэн өгүүлбэрүүдэд “ирснээр”, “оролцогсодтой” гэсэн үг “унаа”, “хүмүүс” гэсэн жинхэнэ нэрийн үүрэг гүйцэтгэсэн байна.

- Тодотгон холбох нөхцөлийн дараа –гүй гэсэн нөхцөл орж тухайн үйл болоогүй, болоогүй байгаа, болохгүй зэрэг үгүйсгэсэн утга илтгэнэ. Жишээ нь: явдаггүй, яваагүй, явахгүй, явмааргүй гэх мэт.

- Тодотгон холбох нөхцөлтэй үйл өгүүлэхүүний шүү, даа, даг, шив, юм, биз, бололтой, ёстой, хэрэгтэй зэрэг төрөл бүрийн баймж үгс орж өгүүлэгчийн төрөл бүрийн хандлага, өнгө аясыг илтгэнэ. Жишээ нь: явсан шүү, явсан даа, явсан юм, явсандаг, явсан бололтой, явах ёстой явах хэрэгтэй гэх мэт

Нөхцөлдүүлэн холбох нөхцөл бүтээврүүд нь өгүүлбэрийн доторх үйл үгийг нөгөөтэй холбон нөхцөлдүүлдэг найруулгын өвөрмөц үүрэгтэй байдаг. Харин нэг нөхцөлийг ойр ойрхон давтах нь найруулгыг сулруулдаг тул ялангуяа зэрэгцсэн нийлмэл өгүүлбэр болон зэрэгцсэн үйл өгүүлэхүүнийг холбодог I бүлгийн нөхцөл үйлийг аль болохоор хослуулан хэрэглэх нь зохистой. Гэхдээ шүлэглэсэн зохиолд сүүл холбох, хэмнэл тохируулах үүргээр ордгийг анхаарах хэрэгтэй. Жишээлбэл.

- Болд халтар үрээгээ тавиад, хадан дээр сандайлж, ийш тийш харж, эргэх цагийн улирлыг гайхна.

- Болжмор дуугаа дуулж, навч цэцэг найган, бал бурмын үнэрт ариун салхи сэвэлзэнэ.

- Үйл үгийн нөхцөлдүүлэн холбох нөхцөл бүтээврийг дангаар нь зохистой хэрэглэхээс гадна уран зохиол, ярианы найруулгад давтан өвөрмөц утга үүргээр хэрэглэж болдог. Жишээ нь:

Хуурсаар хуурсаар худалч

Хумсалсаар хумсалсаар хулгайч.

Үзэсгэлэнтэй хөөрхөн царайг чинь

Үзээд үзээд ханашгүй.

Санан санан бодож

Саравчлан саравчлан хармаар

Нүдний хараа сунгасан

Миний нутаг сайхан даа. гэх мэт ...

1. Үйлийн нөхцөл бүтээврийг өгүүлбэр дэх олон харьцаанд жишээлэн авч үзье.

- сон -ээд

Чамд хань -дог хүмүүс - сээр байна.

нөхөр бол -гч цуглачхаад -ж,л

-моор хүлээ -х гээд

-хуйц - нгүй

Эндээс “болсон”, “хүлээгээд” гэдэг хоёр үгийн нөхцөл бүтээврийг бусад олон нөхцөлөөр сольж хэлбэржүүлснээр утга, найруулгын ялгаатай өөр өөр өгүүлбэрүүд болж байна.

Үйл үгийн хэв

Үйлийг гүйцэтгэгч эзэн нь уг үйлийг өөрөө үйлдэх ба бусдаар үйлдүүлэх, бусдын эрхэнд үйлдэх, бусадтай харилцан , хамтран үйлдэх зэрэг үйл хөдлөл ба үйлдэгч эзэн хоёрын харьцаа заах найруулгын үүрэгтэй.


Жишээ нь: зурсан - өөрөө үйлдсэн утга

Би үүнийг зуралцсан – хамтран үйлдсэн утга

зуруулсан– бусдаар үйлдүүлсэн утга илэрхийлсэн байна.

-Үйлдэгдэх хэвийн нөхцөлийг зөвхөн тусах үйл үгэнд залгаж, эс тусах үйл үг үүсгэнэ.

- Үйл үгийн хэвийн айн дагаврууд нь үйл үгийн тусах, эс тусах шинжийг өөрчилдөг.

- Зарим хэвийн дагавар илүү, эсвэл дутуу байгаагаас үйлийн эзэн, үйлэнд өртөх юмын харьцаа алдагдаж ойлгомжгүй болно.

- Ихэнх тусах үйл үг үйлдэгдэх хэвээр хэлбэрждэггүй. Үүнийг мэдэхгүйгээс үйлдэгдэх хэвийг буруу хэрглэх явдал элбэг байдаг. Тухайлбал: Тэмцээн зохиогдож байна. Шалгалт авагдлаа гэх зэргээр “–гд” дагаврыг илүү хэрэглэсэн. Иймээс үйлдэгдэх хэвийн дагаврын тэр бүр хэрэглэх шаардлгагүй байдаг.

- Үг давтаж үйл үгийн байдал илэрнэ. Тухайлбал: явж явж ирэх, хага хага цохих гэх мэт.

Үйл үгийн байдал

Тодорхой цаг хугацааны дотор энгийн,төгс, эрчимтэй, эрчимгүй, удаан, түр зуур, нэг удаа, олон удаа давтагдах гэх мэт хэрхэн болох болцын харьцаа заах найруулгын үүрэгтэй.


- Үйл үгийн байдлын дагавар нь үгийн бүтцэд зөвхөн хэвийн дагаврын дараа тохиолдоно. Харин байдлын дагаврын дараа үйлийн холбох ба төгсгөх нөхцөл орно.

- Үг давтаж үйл үгийн байдал илэрнэ. Жишээ нь: явж явж ирэх, хага хага цохих

Холбоосын найруулга

Холбоос нь үгийг үгтэй, үгийг холбоо үгтэй, өгүүлбэрийг өгүүлбэртэй, догол мөрийг догол мөртэй холбон найруулдаг. Холбоос нь найруулгын үүрэг гүйцэтгэхдээ үг, холбоо үг, өгүүлбэрийг зэрэгцүүлэх, эсрэгцүүлэх, нөхцөлдүүлэх, лавшруулах утгаар холбож, найруулгын тодорхой харьцаа үүсгэн өнгө аяс ялгаруулдаг. Үгийг үгтэй холбон найруулахдаа “ба, буюу, бөгөөд, хийгээд, болон, болоод” гэсэн холбоосыг хэрэглэдэг. “ба бөгөөд, болоод, хийгээд” гэсэн холбоосыг ухагдахуун ялгах, зааглах найруулгад, “буюу”-г адилтган холбох найруулгад хэрэглэдэг. Ер нь үг, өгүүлбэрийг холбох үг ”ба” холбоос харьцангуй олон байдаг. Холбоосыг ойролцоо утгат холбоосоор солин найруулах боломжтой байдаг. Хэрэв үл тохирох холбоосоор соливол утга алдагдахад хүрнэ. Жишээ нь: Чоно ба хурга гэснийг чоно буюу хурга, чоно бөгөөд хурга ... гэх зэргээр соливол холбоо үгийн найруулга буруу ойлгомжгүй болох юм. Холбоос нь өгүүлбэрийн гишүүд болон өгүүлбэрийг зэрэгцүүлэх, угсруулж холбох үүрэгтэй байна.

Ба,буюу, бөгөөд, болон, гэвч, тэгвэл, тиймээс, байтугай, барахгүй, мөн түүнчлэн, төдийгүй, өөрөөр хэлбэл, эсвэл гэх мэт холбох үгс нь тухайн үг, өгүүлбэрээр илэрч байгаа утгуудыг ялган онцлох, эсрэгцүүлэх, лавшруулах, тайлбарлах үүрэгтэй байдаг. Жишээлбэл: ба,буюу, бөгөөд, агаад, болон, хийгээд гэх мэт холбоос нь үгс ялган зэрэгцүүлэх, харин бөгөөтөл, боловч, гэвч, атал, авч, гэтэл, эсвэл, нэг бол ч гэсэн, нөгөөтэйгүүр гэх мэт холбоос эсрэгцүүлэн зэрэгцүүлж, мөн, бас, байтугай, үл барам, барахгүй, өөрөөр хэлбэл, цаашилбал, мөн түүнчлэн гэх мэт холбоос утга лавшруулан зэрэгцүүлэх, иймээс, ийм учраас, иймд, ингэхлээр, хэрвээ, тэгвэл гэх мэт холбоос тайлбарлан зэрэгцүүлэх үүрэгтэйгээр найруулгад хэрэглэгдэнэ.

Угсруулан холбох үүрэгтэй холбоос нь үгийн сангийн утгаа бүрэн алдаагүй учраас найруулгад хэд хэдэн утгаар хэрэглэгддэг. Жишээлбэл: тул, төлөө, учир, улмаас гэх мэт холбоос нь зорилго шалтгаан заасан, тухай, талаар, гэх мэт холбоос нь тухайлж мэдээлсэн, орчим, гаруй, шахам, дахин, удаа, хавьцаа, эргэм гэх мэт холбоос нь тоо хэмжээ заасан, шиг, мэт, адил, чинээ гэсэн холбоос нь жишиж адилтгасан, хүртэл, тушаа, дагуу гэх мэт холбоос нь орон заасан, турш, сацуу, зэрэгцээ, ялдамд, хэрд гэх мэт холбоос нь цаг хугацаа заасан утгаар тус тус найруулгад хэрэглэгддэг.

Ном зүй

1. Д.Отгонсүрэн “Монгол хэлний хэлзүйн найруулгын өгүүллүүд” УБ 1996

2. Я.Цэвэл “Товч тайлбар толь”

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
mygaa (зочин)

bayarlalaa bagshdaa

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)